“Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах “3R4UB” төслийн оролцогч талуудын ээлжит уулзалт боллоо

“Switch Asia” хөтөлбөрийн хүрээнд Европын холбооноос санхүүжүүлж буй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (reduse, reuse, recycle) дадал буюу “3R4UB” төслийн оролцогч талуудын ээлжит уулзалт 2023 оны 6 дугаар  сарын 14-нд Улаанбаатар хотод боллоо.

Уулзалтад Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон төслийн түнш 4 байгууллагын төлөөлөл, бусад төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Уулзалтын үеэр “3R4UB” төслийн хэрэгжилтийн явцын талаар холбогдох талууд мэдээлэл өглөө.Төслийн түнш байгууллага болох Итали улсын “Метеллиа Сервици” ХХК –ийн  “3R4UB” төслийн байгаль орчны ахлах инженер ЖУЗЭППЭ Милитэ   хог хаягдлыг ангилах ялгах туршилтын үйлдвэрийн төлөвлөгөөний талаар танилцуулсан.

Сонгинохайрхан дүүргийн 15 сургуулийн орчинд тавигдах эко цэгийн танилцуулгыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 3R4UB төсөл хариуцсан менежер  Б.Энэрэлт танилцууллаа.Түүнчлэн төслийн зорилтот сургуулиудад хэрэгжих  боловсролын хөтөлбөрийн талаар төслийн түнш байгууллага- ЦУНБХТ-ийн “3R4UB” төсөл хариуцсан менежер Н.Зоригт мэдээлэл өгөв. Уулзалтын үеэр оролцогч талууд асуулт асууж, санал бодлоо илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Италийн Үндэсний Судалгааны Зөвлөл (Хөгжлийн Инновац ба Үйлчилгээ Судлалын салбар Институтийн (CNR – IRISS) “3R4UB” Төслийн ерөнхий зохицуулагч Фабрицио Канонико, Итали улсын “Метеллиа Сервици” ХХК – ийн  “3R4UB” төслийн байгаль орчны ахлах инженер Жузэппэ Милитэ нар “3R4UB” төслийн хүрээнд зохион байгуулсан чадавхжуулах сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдэд сертификат гардууллаа.

Төслийн ерөнхий зохицуулагчаар Италийн Үндэсний Судалгааны Зөвлөл (Хөгжлийн Инновац ба Үйлчилгээ Судлалын салбар Институт  (CNR – IRISS) ажиллаж байгаа бол түнш байгууллагуудаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, БОАЖЯ-ны харьяа ЦУНБХТ, Италийн “Метеллиа Сервици” компаниуд ажиллаж байна.