Switch Ази болон Төв Ази II хөтөлбөр-Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд Европын холбооны буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (reduse, reuse,recycle) дадал буюу 3R4UB төсөл хэрэгжиж байна. Уг төслийн төрийн захиргааны болон олон нийтийн байгууллагын удирдах ажилтнуудад мэдээлэл өгөх уулзалт 2022 оны аравдугаар сарын 5-нд боллоо. “Хог хаягдлын тогтвортой менежментийг бий болгох замаар үнэ цэнийн хэлхээ бий болгох нь” сэдвийн дор зохион байгуулсан уулзалтад олон улсын байгууллага, төр, захиргааныхан, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нийт 70 орчим хүн оролцлоо.
Уулзалтын эхэнд Италийн үндэсний судалгааны зөвлөлийн Шинжлэх ухааны удирдах хорооны гишүүн хатагтай Габриела Эспозито Де Вита, Монгол дахь Европын Холбооны төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны багийн удирдагч Адриан Мүрг, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Уулзалтын зочноор Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Лаура Ботта мөн оролцлоо.
3R4UB төслийн үйл ажиллагаа нь Монгол Улсын хэмжээнд бүх нийтийг оролцуулсан тогтвортой хөгжлийг бий болгох, ядуурлыг бууруулах, ногоон эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулан нүүрстөрөгч бага ялгаруулдаг, байгалийн нөөцийг үр ашигтай ашигладаг эдийн засгийг дэмжихэд чиглэж байгаа юм.
Уулзалтын үеэр 3R4UB төслийн түнш байгууллагын төлөөллүүд хариуцсан асуудлаараа илтгэл тавьсан. Төслийн шинжлэх ухааны зохицуулагч, хатагтай Марина Рижилло “3R4UB төслийн үзэл баримтлал буюу хог хаягдлын тогтвортой менежментийг бий болгох тогтолцоот арга зүй” сэдвээр, БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал, хатагтай Т.Бүдээхүү “Улаанбаатар хотын иргэдийн хог хаягдал ангилан цуглуулах мэдлэг, мэдэгдэхүүнд 3R4UB төслийн оруулах нөлөө” сэдвээр тус тус илтгэл тавив. Мөн төслийн тогтвортой санхүүжилтийн мэргэжилтэн, ноён Роберто Ридолфи “Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн шийдэл тодорхойлох боломжууд” сэдвээр илтгэл тавьсан бол төслийн байгаль орчны асуудал хариуцсан инженер, ноён Жузэппэ Милитэ “Байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах төлөвлөгөө буюу Улаанбаатар хотод илүү эрүүл, аюулгүй нийгэм, аж ахуйг бүрдүүлэх арга зам “ сэдвээр илтгэл тавилаа.
Нийт 3,5 сая еврогийн өртөгтэй уг төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэх юм. Үүнд:
• Төрийн байгууллага, төрийн бус байгууллага, ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах,
• Улаанбаатар хотод хог хаягдлыг ангилан ялгах туршилтын үйлдвэр байгуулж, ногоон эдийн засгийг дэмжих,
• Байгаль орчинд ээлтэй зөв дадлыг хэвшүүлэх боловсролын нөлөөллийн үйл ажиллагааг ерөнхий боловсролын сургуулийн 8-14 насны 25 мянга орчим хүүхдийг оролцуулан зохион байгуулах,
• Оюутан залуусын дунд хакатон тэмцээн зохион байгуулах,
• Улаанбаатар хотод хог хаягдлыг ангилан ялгах туршилтын үйлдвэр байгуулж, ногоон эдийн засгийг дэмжих,
• Улаанбаатар хотын хог хаягдлын тогтвортой менежмэнтийн төлөвлөгөө боловсруулах
3R4UB төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг хариуцсан хэлтсийн санхүү, техник, удирдах чадавхууд сайжирч, хог хаягдлын тогтвортой менежментийн систем нэвтэрсэн байх юм. Мөн талуудын оролцоо, хамтын ажиллагаа сайжирч, хог хаягдлын менежментийн үйлчилгээний чанар, тээвэрлэлт, үр ашиг нэмэгдэж, Улаанбаатар хотод булж байгаа хог хаягдлын хэмжээ 10 хувиар буурсан байх, олон нийтийн мэдлэг, хандлага өөрчлөгдсөн байх зэрэг үр дүнг төслөөс хүлээж байна.
3R4UB төслийг Итали улсын Үндэсний судалгааны зөвлөл (CNR) болон түүний дэргэдэх Инновац ба Хөгжлийн үйлчилгээ судлалын институт (IRISS), Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Итали улсын “Мэтэлия Сервици” ХХК түншлэлийн гэрээний дагуу хамтран хэрэгжүүлж байна.

МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ